
Их сургууль төгсөөд бараг 4 жил болж байгаа хэдий ч энэ хугацаанд биеийн тамирын зааланд тоотой хэдэн удаа очиж, ихэнх цагийг ажлынхаа ширээний ард хөдөлгөөнгүй суун өнждөгөөс биеийн жин сургууль төгссөнөөс хойш 10 нэлээн гаран килограммаар нэмэгджээ. Бүр сүүлдээ бүдүүн тарган гэгдэх хүмүүсийн тоонд албан ёсоор нэмэгдсэн нь хамтран ажилладаг залуусын ярианаас улам бүр мэдрэгдэх болсон юм. Мөн эмчийн үзлэгээр биеийн жин, өндөр, насны харицуулсан индексээр гаргадаг үзүүлэлтээр өөрийнхөө байх ёстой наснаас 3 насаар хөгшин байв. Энэ байдлаа засахын тулд фитнессээр хичээллэхээр шийдэж сүүлийн нэг жилийн турш эрчимтэй биеийн тамир, фитнесээр хичээллэж эрүүл мэнд гоо сайхандаа анхаарав. Эхний ээлжинд ямарч байсан гэдэсээ багасгах зорилго тавин хичээлэллээ үр дүнгээ ч өгөв. Бид нар шиг суудлын ажилтай хүмүүс фитнесээр хичээлэллээ гээд ядрах зүйл байхгүй, харин ч бие сэргээд сайхан болдог. Мэдээж мэргэжлийн тамирчид биш учраас өөртөө тохирсон хөнгөн бэлтгэл хийх хэрэгтэй. Миний хувьд жингээ хасаад зогсохгүй булчингийн хөгжилд давхар анхаарч байгаа. Анх явж эхлэснээс 3 сарын дараа тодорхой үр дүн гарч эхлэв бараг 4 килограм хаслаа. Үүний дараа өөртөө улам итгэлтэй болж жингээ хасах биш булчингийн хөгжилдөө анхаарлаа хандуулдаг боллоо. Тогтмол биеийн тамираар хичээллэсэнээр: Хөлс их гардаг тул арьсан дотор болон дээр байдаг усанд ороод арилдаггүй бактерийг хөөж гаргаж байдаг. Амьсгалын замын ажиллагаа сайжирдаг учраас ханиад томуу тусах нь багасна. За тэгээд заавал фитнесс гэлгүй ямар нэг спортоор тогтмол хичээллэхэд эрүүл мэндээ аварч байгаа нь тэр.